МАН-ЫН ЭВ НЭГДЛИЙГ ЭМЭГТЭЙ ГИШҮҮД МАНЛАЙЛНА

Хамаарах огноо: 2017-11-17 15:37

МАН-ЫН ЭВ НЭГДЛИЙГ ЭМЭГТЭЙ ГИШҮҮД МАНЛАЙЛНА

-Саяхан УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдаж таныг даргаар нь сонгогдсон тухай албан ёсоор мэдээлсэн. Эмэгтэй гишүүд маань ямар чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

-Өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн нийлж УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийг байгуулан хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо нэгтгэн цэцэрлэг, сургууль, төрөх эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхааран ажилласан. Эмэгтэй гишүүдийн бүлгийн ажлын залгамж чанарыг хадгалж энэ удаагийн парламентын 13 эмэгтэй гишүүн бид хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллана.

-Өмнөх эмэгтэй гишүүдийн бүлэг тодорхой сэдэв барьж ажилласан байна. Энэ удаагийн бүлэг яг ямар чиглэлд түлхүү анхаарч ажиллах вэ?

-Бид дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд үйл ажиллагаа чиглүүлэн ажиллахаар төлөвлөөд байна. Үүнд:• Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах • Боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш эмч нарынхаа хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх • Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг асуудалд анхааран ажиллана. Бага насны хүүхэдтэй ганц бие эцэг, эхчүүд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр бага, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй. Улмаар ядууралд өртөж байна. • Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах • Эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх • Ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох • Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, УИХ, Засгийн газар болон орон нутагт сонгогддог, томилогддог албан тушаалуудад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдээ чадавхжуулахад анхааран ажиллана.

-Эмэгтэй гишүүд маань төлөвлөсөн ажлууддаа шуурхай оржээ. 2018 оны улсын төсөвт “Эмэгтэй гишүүд хүүхдийн төлөө ЗА гэж хэллээ” гэдэг мессеж сошиалаар явж байна лээ.

-Хэдхэн хоногийн өмнө бид 2018 оны улсын төсвөө баталлаа. Төсөв хэлэлцэж явцад УИХ-ын байнгын хороодын хамтарсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэгтэй хамт УИХ-ын эмэгтэй гишүүд бид холбогдох байгууллагуудаар очиж бодит байдалтай танилцаж ажилласан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлаг болон 108 утас, Өнөр бүл төвийн үйл ажиллагаануудтай танилцлаа. Ард иргэд ч бид ч хууль хэрэгжүүлэх чиг үүргийн байгууллагуудад байнга л шаардлага тавьж, шүүмжлэлтэй ханддаг. Гэтэл гол ажлыг хийж гүйцэтгэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлагт өнгөрсөн онд 396 сая төгрөгийг улсын хэмжээнд зарцуулахаар төсөвлөж өгсөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага алс хол сум, хөдөө хээр гээд хаанаас ирнэ тэр газарт очиж хохирогчийг хамгаалах байранд авчрах бензиний зардал, 2-3 хоног хооллох, нялх хүүхдэд хэд хоногийн памперс авахаас илүү үйлчилгээ үзүүлэх бололцоо боломж яаж байх юм бэ. Харин энэ агентлагийн хамт олон үнэхээр сэтгэлээсээ маш их ажлыг амжуулсан байна лээ. 2018 оны төсвийн төсөл дээр 1 тэрбум төгрөг суусныг нэмэгдүүлж 5 тэрбум болгох саналыг эмэгтэй гишүүдтэйгээ оруулж батлуулж чадлаа. “Энэ бол Монгол улсын түүхэнд байгаагүй том амжилт. Монголын Хүүхдийн байгууллагын түүхэнд нэгэн онцгой шинэ хуудсыг нээлээ.” гэж Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон Олон улсын байгууллагуудаас баярын, талархлын мессеж ирсээр байгаа.

-Өчигдөрхөн оёдлын салбарын чуулганыг хамтран зохион байгуулж бүтээлч бүсгүйчүүдээ дэмжин ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой чухал ажил боллоо.

-Оёдлын салбар нь цагтаа 30 мянга орчим хүнийг тогтмол ажлын байраар хангаж, экспортын бүтээгдэхүүний 29 хувийг дангаараа үйлдвэрлэж байсан өнөөдөр уналтын байдалд ороод 2500 орчим хүн л тогтмол ажлын байртай, дийлэнх олонх нь 1-2 оёдлын машин тавьсан хувцас захиалга, засвар хүлээсэн л хүмүүс болоод байна. Оёдлын салбар өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур иргэдийг ажлын байраар хангадаг эдийн засгийн өгөөж, нийгмийн хариуцлага өндөртэй чухал салбар шүү дээ. Төр засгийн зүгээс бодлогын түвшинд жаахан дэмжээд өгчихвөл дороо л босоод ирнэ. Тэр хэрээр ажилгүйдэл ядуурлын түвшин буурна. Учир нь хүртээмж нь амьжиргааны түвшин доогуур өрх гэр бүрт мэдрэгдэнэ. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд бид тэдний дуу хоолой болон хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

-Санамж бичгийн хүрээнд бүлэг ямар тодорхой ажил хийх вэ?

• Дүрэмт болон хөдөлмөр хамгааллын хувцсыг дотоодын үйлдвэрүүдтэй гэрээлэн гүйцэтгүүлэх бололцоо нөхцөлийг холбогдох яамд, төсвийг зарцуулах эрх бүхий сайд, албан тушаалтнуудад Засгийн газар чиглэл өгч, тогтоол гаргуулах, • Тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилга болон эргэлтийн хөрөнгийн зээлийг “Барьцаа хөрөнгө” шаардахгүйгээр “Итгэлийн зээл” авах боломжийг бүрдүүлэх • Дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг бууруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор түүхий эд материалыг гаалийн татвараас чөлөөлөх. • Импортыг орлох оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш урсах валютын урсгалыг зогсооход тодорхой хувь нэмэр оруулж, иргэдийг ажлын байраар тогтвортой хангаж байгаа аж ахуйн нэгжүүдэд урамшуулал, дэмжлэг үзүүлэх • Үндэсний оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хамтран жил бүр зохион байгуулах гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхээр тусгалаа.

-Хэр ахиц гарах бол. Нэгдэн нийлж, хамтран төлөвлөж, нэгдсэн захиалгын ачаалал даах чадамжтай байх хэрэгтэй дээ.

-МУ-ын Сангийн Яам төсвийн худалдан авалтын нормын хувцас хэрэглэл, зөөлөн эдлэл худалдан авахаар 2016 онд 25,6 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан байна. Ерөнхий боловсролын сургуульд 552 мянган сурагч, батлан хамгаалах, хил, онцгой байдал зэрэг салбаруудад 26 мянга орчим алба хаагчид дүрэмт хувцас өмсдөг. Мөн уул уурхайн, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 70 мянга гаруй ажилтан хөдөлмөр хамгааллын зориулалтын хувцас өвөл, зуныхаар хэрэглэдэг. Жилд нийтдээ 70 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна. Бид дээрх шаардлагуудыг хангуулан ажиллаж чадвал оёдлын салбарт энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн үг. Энэ хэрээрээ ажлын байр нэмэгдэнэ, ажиллах чадамж, бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ салбар бол мэргэжилтэй боловсон хүчнээ өөрсдөө бэлтгээд аваад явах чадвартай. Ер нь манай бүсгүйчүүд чинь уран гартай үйлчид шүү дээ.

-Гайхалтай сайхан мэдээ байна. Ярилцлагынхаа сэдвийг танай намын Их хуралтай холбоотой асуудал руу чиглүүлье. Ирэх долоо хоногт болох МАН-ын ээлжит 28 дугаар Их хурлын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа вэ?

-Намын их хурлын зохион байгуулалттай холбоотой ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаж байгаа. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаж байна. Их хурлын төлөөлөгчдийг сонгох хурлууд бүх намын үүр хороодоор болоод дууссан.

-МАН-ын Их хурлаас ард түмэн олон зүйлийг хүлээж байгаа. Тухайлбал, намын шинэчлэлийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ удаагийн намын Их хурлаас хүмүүс олон шинэчлэлийг хүлээж байгаа л даа. “Намын дотоод эв нэгдэл, үнэт зүйл гэж юу юм бэ. Намын үнэт зүйл эв нэгдлээ хэрхэн яаж баримталдаг байх ёстой юм бэ. Намын дотоод ардчиллаа яаж хөгжүүлэх вэ. Сахилга бат нь ямар байж, яаж хариуцлага тооцдог байх юм” гэхчлэн алдсан оносон зүйлд нь улс төрийн үнэлэлт, дүгнэлт, сургамжийг өгөх ёстой. Намын Их хурлаар энэ асуудлууд нэлээд дэлгэрэнгүй яригдах байх. Өнгөрсөн сонгуулиас хойших 1.5 жилийн хугацаанд бид юун дээр алдаж онов гэдэгтээ зөв дүгнэлт хийх ёстой. Монголын ард түмэн бол МАН-ыг улс орноо эдийн засгийн хямралаас аварна, хөгжлийн түүчээ болно гэж итгэж сонголтоо хийсэн шүү дээ. Тиймээс бид улс төрийн мэдрэмжтэй, эв нэгдэлтэй ажиллаж байж олон түмний өгсөн энэ том итгэлийг даах ёстой гэж бодож байна.

-Сонгуулийн дараа Засгийн газрыг байгуулахад томилгоон дээр алдаа гарсан гэж дүгнээд байдаг?

-Томилгоон дээр алдсан оносон зүйл байсан байхаа. Намын гишүүдийн зүгээс намын ялалтын төлөө зүтгэсэн хүмүүс нь хаягдаж, зугтаж зугаалж явсан хүмүүс хойморт суусан гэсэн бухимдалтай байгаатай би санал нэг байгаа. Монгол улсын эдийн засаг энэ оны эхний 9 сарын байдлаар 5.8 хувиар өссөн байна. Монгол банкны гадаад валютын нөөц 2.2 тэрбум ам доллар, экспорт эхний 10 сард 1.5 сая ам доллар, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2.9 их наяд төгрөгөөр өссөн. Энэ бүх амжилт бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар сайн ажилласны үр дүн гэж ойлгож байна. Дараагийн Засгийн газар эдийн засгаа энэ хэмжээнд хүртэл нь сайн ажиллах хэрэгтэй дээ. Харин олон түмний хүсэн хүлээгээд байсан шударга ёс, хариуцлага тооцох асуудал дээр шийдвэртэй алхмуудыг хийж чадсангүй гэж биднийг буруутгаж байсан нь үнэний талтай байх.

-Танай намын сахилга алдагдаж байгааг улстөрийн хүрээнийхэн янз бүрээр л хардаг. Академик шинж чанартай МАН өнөөдөр дотроо үл ойлголцсон байдалтай байгаагийн шалтгааныг та юу гэж хэлэх вэ?

-Энэ бол олон нийтийн дунд яригдаж байгаа нэг асуудал л даа. Тэгэхээр улс төрийн хүрээнд байгаа Их хурлын гишүүдийн маань ёс зүйн эрэмбэ дараалал намынхаа амьдралаас жаахан тасарч эхлэв үү дээ. Энэ бол хоёр үйл явдлаар харагдсан. Мэдээж өмнөх Засгийн газарт алдсан ч, оносон ч зүйл байсан байх. Сөрөг хүчинтэйгээ нийлээд өөрийн намын Засгийн газраа огцруулж, бүлгээ хоёр хуваасан асуудал нь МАН-ын эв нэгдэлд тодорхой хэмжээний ан цав суулгасан. Үүнийгээ яаж эмх цэгцэнд оруулж, эвийн цавуугаар наах вэ гэдэг асуудал намын удирдлагууд, эрх баригчдын хийх ёстой ажил. Ганц энэ удаа алдаа гараад байгаа зүйл бас биш. Манай намын 100-гаад жилийн түүхэнд алдсан, талцсан асуудал гарч байсан үеүүд бий. Дарга нараа тойрсон, хүрээлсэн хүмүүсийн харалган байдлаас болж намын дүрэм, журмыг уландаа гишгэдэг байдал гарч байсан. Өөрөөр хэлбэл, намын сонгуулийн үр дүнг буруу ашигладаг. Ийм зүйлүүдийг ялгаж, салгаж байранд нь тавимаар санагддаг юм.

-Энэ удаагийн Намын их хурлын төлөөлөгчид МАН-ын цаашдын хувь заяаг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Төлөөлөгч сонгох ажил хэр шудрага явагддаг бол?

-Намын их хурлын төлөөлөгч сонгох журмын дагуу бүх анхан шатны байгууллага хурлаа хийж төлөөлөгчөө сонгох учиртай. Ёс дүрмээрээ явагдах ёстой. Зарим нэг маргаантай асуудлууд гарч байгаа. Энэ удаагийн Их хуралд ирж байгаа төлөөлөгчид 2020 оны сонгуульд намынхаа ялалтыг, улс эх орныхоо эрх ашгийг бодож, намынхаа шинэчлэлийн асуудалд анхаарлаа хандуулаасай гэж бодож байна. Тэрнээс үзэл бодлоо бүү худалдаасай. Ард түмэн бол өнөөдөр шударга ёс, улс төрийн ариун ёс суртахууныг биднээс шаардаж байгаа. Энэ зүйлээр ард түмэн цангаж байна. Нам алдаа дутагдлаасаа салж, шинэчлэгдэж чадахгүй бол 2020 оны сонгуульд бид амжилттай оролцох тухай яриад ч хэрэггүй.

-МАН-ын талцал, хуваагдал яавал эвлэх бол?

-МАН-ын эв нэгдэл өнөөдөр маш чухал. Тэр тусмаа УИХ-д сонгогдсон 65 гишүүний хувьд эв нэгдэл, хамтарч бүтээх сэтгэлтэйгээр дараагийн сонгуульд улс орныхоо хөгжлийг бодож урагшаа харж оролцох ёстой. Зарим үйл явдлуудаасаа сургамж авч, зарим асуудалд нэгдсэн байр суурьтай болж төрийн ажлыг хуулийн хүрээнд ард түмний эрх ашгийг бодож өөрийн эрх ашгаа хойш тавих шаардлага улстөрчдөд байна. Засгийн газрыг огцруулах үеэр хуваагдсан талцал илаарших шинж рүүгээ орж яваа. Эвийг зангидах асуудал дээр МАН-ын эмэгтэй гишүүд манлайлан оролцоно. Тиймээс эрх мэдэл албан тушаалдаа ташууралгүйгээр иргэдээс өгсөн үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарлаж, эрх ашгаа зөв эрэмбэлээд эрүүл улс төр хийхийг энэ удаагийн УИХ-ын гишүүддээ, МАН-ын Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон бүх хүмүүсээсээ хүсч байна. Маш ухаалаг шийдвэр гаргах ёстой. Намын эв нэгдлийг сайтар хангаж чадвал улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд чухал нөлөөтэй. Өнөөдөр ард иргэдийн дунд газар авсаар байгаа талцал, хийрхэл, эв түнжингүй, бие биенээ үгүйсгэсэн гаж үзэгдлүүд арилах учиртай гэж бодож байна.

-Өмнөх Засгийн газрыг хөдөлгөөнд оруулах үеэр гол яамдын сайд нарыг үлдэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байлаа. Тэдний нэгд салбараа сайн мэддэг таны нэр ч дуулдаж байсан. Хэрэв та сайдаар үргэлжлээд ажиллаж байсан бол ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байсан бэ?

-БОАЖ-ын сайдын ажлыг хийхэд хамтран баг болж ажилласан яамныхаа хамт олон, эрдэмтэн судлаачид, салбарын лидер болсон олон сайхан ахмадууддаа, ТББ-ууд, олон улсын байгууллагууд болон дэмжиж хамтран ажиллаж байсан бүх хүмүүст танай сониноор дамжуулан халуун талархлаа илэрхийлж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Монгол оронд байгаль, экологийн тэнцвэр алдагдаж байгаад сэтгэл эмзэглэдэг. Байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчин гайгүй сайн бүрдсэн гэж боддог. Гол нь хуулийг амь оруулж, шингээх, хэрэгжүүлэх ажил сул байгаа. Байгаль орчныг хамгаалах нь ганцхан төрийн хүлээх үүрэг биш. “Байгалийн баялгийг ашиглагч хүн бүр хамгаалж, бохирдуулагч нь төлбөр төлөх” зарчмаар явах ёстойг УИХ-аар хууль болгож батлуулж чадсандаа баяртай байдаг. Мөн байгалийн нөөц ашиглахад нөхөн сэргээлт хийх, байгаль орчинд орох хөрөнгө оруулалтын загварыг тодорхой болгох, уул уурхайг байгаль орчинд нөлөөлөхгүйгээр хөгжүүлэх, уул уурхайн сайн засаглалыг хөгжүүлэхийг Засгийн газар онцгой анхаарах ёстой.

-Ер нь жилийн жилд улиг болтол ярьдаг агаарын бохирдлоос хэзээ салах болоо?

-Агаар, орчин бохирдлыг бууруулах чиглэлээр анх удаа Засгийн газар үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Уг хөтөлбөрийнхөө хүрээнд олон ажлыг энэ өвлөөс эхэлж хийж хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Тэр дунд түүхий нүүрсний хэрэглээг бууруулах чиглэлээр нэлээд зоригтой шийдвэрүүдийг гаргах ёстой юм. Тухайлбал, гэр хорооллыг дэд бүтцэд холбох. Эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор гэр хорооллыг цахилгаан халаагуураар хангах, боловсон 00-той болгох, ойр орчимд нь цэвэрлэх байгууламжуудыг байгуулах зэрэг төслүүдийг эхлүүлсэн. Энэ төслүүд нэлээд амжилттай хэрэгжиж байгаа. Цаашид үүнийг үргэлжлүүлснээр хөрсний бохирдлыг бууруулахад ахиц гарна. Цэрэнбат сайд энэ салбарын бодлогыг чадварлагаар аваад явна гэдэгт итгэлтэй байгаа. Агаарын бохирдлыг бууруулахын тулд цаашид Улаанбаатар хотын ойролцоо дагуул хотуудыг байгуулах шаардлагатай. Ингэж байж хотын төвлөрөл, замын түгжрэлийг сааруулах асуудлыг цогцоор нь шийдэж чадах юм. Дагуул хот байгуулахаар яригдаад байгаа судлагдсан газрууд дээрээ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дэд бүтцийн асуудлуудыг нь шийдээд өгчих хэрэгтэй.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН


Үүсгэсэн: 2017-12-04 15:37

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..